Авилгал хэмээх нэр үг арван жилийн өмнө төдийлөн танил биш, чихэнд ч наалдац муутай үг байсан бидний хувьд харин өнөөдөр дэлгүүр хоршоо шиг л энгийн сонсогдох боллоо. Монголын амьдралд энэ үг ингэтлээ гүн шингэж чадлаа. Хүнд юм өгөхөд юу нь муу байх вэ, нэгнийх нь ч гэсэн амьдрал дээшилж байхад болохгүй нь юу билээ гэж бодож өдий хүрсэн Монгол хүний уужуу гэмээр ч юм шиг, өнгөц гэмээр ч юм шиг сэтгэлгээ нь энэ авилгал хэмээх зүйлийг үжиж ургах таатай нөхцөл нь ч болсоор ирлээ. Нөгөө талаасаа өөрийн ажлаа л бүтээж байвал бусдынх хамаагүй мэтээр ханддаг дутагдалтай гэхээсээ илүү аймшигтай зан бидэнд бий. Гэтэл бид нэгэнт нийгэмшиж амьдраад эхэлсэн улс шүү дээ. Нэг нуурын ус бохирдвол тэнд амьдарч буй загас жараахай бүгдээрээ л хордох нь тодорхой. Тиймээс нэг хүний хийсэн бохир үйлдэл бусдыгаа хохироогоод зогсохгүй нэг өдөр өөрийг нь эргээд хохироож эхэлдэг энэ харилцааг нийгэмшил гээд ойлгочиход болно.
Өнөөдөр аль ч улсад авилгал гэдэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогдож хамгийн хатуу шийтгэлүүдийг хүлээж байгааг харахад Монгол хүний ярьдгаар ямар ёроолгүй нүгэл хийчихсэн хүн ингэж шийтгүүлдэг юм болоо гэж бодогдох. Гэвч олон талаас нь бодож, хол ойрыг харьцуулж байх нээ энэ үнэхээр том гэмт хэрэг, адгийн нүгэл мөн юм байна гэсэн бодол төрж явдгаа энд хуваалцья.
Авилгалыг сайн юм дагадаг байсан бол хүн төрөлхтөн дэмжээд аваад явах нь тодорхой. Гэтэл ингэдэггүйгээр үл барам харин муу бүхнийг нийгэмд тарьж ургуулдаг хорт үзэгдэл учраас хүч тавин тэмцдэг нь аргагүй юм. Авилгал хаана их байна вэ, тэнд хөгжил дэвшил нурж, хүчирхийлэл, аллага, хулгай дээрэм, завхрал бүхэн харанхуй газрын чийгний хөгц шиг үжин ургаж байдаг. Авилгалдаа идэгдсэн орнууд өнөөдөр дэлхийн хамгийн ядуу, хөгжил буурай нэгэн болцгоож хүн ард нь өвчин зовлон, үгүйрлийн туйлд унацгааж байна. Тэдний дунд бүр байгалийн баялгаараа дэлхийд толгой цохидог байсан орнууд ч бий. Бас тэдэнд өнгө мөнгөнд өөрийгөө ороож, улсынхаа иргэдийг өлсгөлөнгөөр үхэж байхад ч эхнэртээ алтан ордон бариулаад сууж байдаг, тэгж тэгж адаг сүүлд нь гадаадад гараад алга болчихдог хүн гэхээсээ гахай юм болов уу гэж бодогдмоор удирдагч байдаг нь бараг ёс гэмээр түгээмэл үзэгдэл.
Хэрвээ манай улс ингэтлээ авилгалд идэгдээгүй байсан бол Улаанбаатар хотын хүн амын нэлээд нь тохилог орон сууцтай болж бид утаагаар бага амьсгалах байлаа. Олон хүмүүсийг хордуулж, эрүүл мэндийг нь муутгаж, олон хүний амьдрах хоногийн тоог нь хасаж байгаа энэ үзэгдэл нь газрыг далдуур өндөр үнээр наймаалцсан манай түшмэдүүд, авилгач хил гаальч, хяналтын түшмэдүүдийн хийсэн нүгэл. Тэдний хажууд хүн амины гэмт хэрэгтэн юу ч биш. Авилгачид хүмүүсийг хэдэн зуугаар нь алж байгаа нь энэ. Харин авилгач та олсон мөнгөөрөө өвөлдөө гадаадад гарч амьдраад, хотоос хол өндөр цагаан харш бариулаад сууж байгаа гэл үү.
Ардчилсан нийгэм байгуулж эхэллээ гэж тунхагласнаас хойш 20 жил өнгөрөхөд Монгол улс үндэсний үйлдвэрлэлээ, үндэсний үйлдлвэрлэлийн өрсөлдөх чадамжаа бүрэн устгалаа. Өмч хувьчлал нь манай улсад авилгал дэлгэрэх хамгийн том үйл явц болсон бөгөөд тэр үед чадалтай, бизнес удирдаад олон хүний хувь заяаг үүрээд явчих менежментийн багт өгье гэхээсээ илүү мөн л авилгалаар гараа атгалцсан хүмүүсийн хоорон дахь наймаа болсноос үйлдвэр нь хаагдаж, ажилчид нь гудамжинд гарцгаасан. Өнөөдөр хувьчилж авсан хүмүүсийн дийлэнх нь тэр өмчөө хүнд ч өгдөггүй, өөрсдөө ч юм хийхгүй тэгнээд хэвтчихсэн. Ер нь бол авилгачид юм бүтээдэг хүмүүс байдаггүй, тэд харанхуйд амьдардаг шөнийн араатан, шавьжины шинжтэй л улс. Үйлдвэр албан газрууд тийнхүү олноор хаагдснаар аргагүй эрхэнд хэчнээн хүмүүс гэр орноосоо хол олон жил гадаадад ажиллав, хэчнээн хүн ажил амьдралгүй болж архичин болцгоов, хэчнээн хүүхэд тогтсон орлогогүй аав ээжийн гар дээр өлөн зэлмүүн өсөж байна вэ. Авилгачид хэдэн мянган өрх гэрийн талхыг, гэр бүлийн хамтдаа байх халуун аз жаргалыг үгүй хийж байгаа нь энэ. Тэдний хажууд хүн дээрэмддэг тонуулчин бол цагаан гартан.
Манай улсад эрүүл мэндийн болоод боловсролын салбараа өөд нь татах шаардлага үнэхээр их байна. Харин тэнд ажиллаж байгаа багш, эмч нарыг авилгалд холбогдуулан ярихыг оролдох нь нийгмийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулах гэсэн жинхэнэ авилгачдын оролдлого байж болох. Юм уншдаг, насан туршдаа оюунаа боловсруулж явдаг хүмүүс ийм бусармаг үйлдэлд өөрсдийгөө оруулдаггүй юм. Харин төр ивээлдээ авдаг гэх эдгээр салбарт урагшгүй байдал их байгаа нь мөн л төртэй хутгалдсан авилгалтай шууд холбоотой. Эмнэлгүүдэд л гэхэд хамгийн сүүлийн үеийн сайн технологи, тоног төхөөрөмж оруулж ирэх бололцоо байсан ч тэр мөнгийг өөр голдрил руу урсгадаг этгээдүүд байгаагаас хэчнээн хүн онош нь тодрохгүй өвчнөө хүндрүүлж хорвоог орхив, хэчнээн хүнийг эмчилж амьдрал бэлэглэх байсан эмч нар аргагүйдэж хүч мөхөсдөв, хэчнээн хүний ар гэр, амьдралд гуниг харуусал үлдэв.
Боловсролын хувьд гэхэд л дэлхийн хаана ч гологдохгүй чадалтай залуус Монголд олон бий. Гэхдээ түмэн нүдтэй гэгддэг төр маань ихэнх тохиолдолд тэднийгээ олж харж, өөртөө ашиглаж чадахаа байжээ. Гадаадын томооохон их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд жинхэнээрээ шилэгдэж явж байна уу гэвэл үгүй л болов уу, дийлэнх нь авилгачдын хүүхдүүд, төрөл садангууд байна. Бор зүрхээрээ өөрийгөө борлуулж яваа залуус нь харин эгэл жирийн айлын хүүхдүүд байх нь олонтой. Авилгач гэр бүлд өссөн хүн юм сурч гийгүүлэх нь тун ховор. Ихэнх нь зугаа цэнгэл, аар саар зүйлээр оролдон их сайндаа л нэг буруу хазгай англиар ярьж сурдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө бидний мөнгөөр гадаадад суралцаж ирээд яаманд том дарга болуутаа мөн л бидний татвараар цугласан мөнгийг луйвардаад гадаадад зугтчихсан нэгний тухай Монголчууд бүгдээрээ л мэддэг. Авилгачид бидний мөнгөөр дараа үеийн авилгачдаа бэлдэж эхэлж байна. Олон сайхан шилэгдмэл залуусыг өндөр боловсролтой болгоход зарцуулж болох байсан мөнгийг амин хувьдаа зувчуулж улс орныг мунхаг харанхуй руу түлхсэн, олон хүний алтан амийг аварч болох байсан мөнгөөр авгай хүүхдээ гадаадад шоппингдуулсан тэр этгээдүүдийн дэргэд траншейнд амьдардаг борчууд хамаагүй цэвэрхэн, ариун улс.
Сүүлийн үед авилгалтай холбоотой сонсогдох болсон хамгийн гунигтай мэдээ бол цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд авилгалд идэгдэж байгаа тухай юм. Арай ч дээ, мөнгөөр үнэлэгддэг зүйл, үнэлэгддэггүй зүйл гэж бий шүү дээ. Мөнгө хэдийгээр маш чухал ч энэ нь зүгээр л төлбөрийн баталгаа болж байдаг хэрэгсэл. Хууль сахиулах ажилтнууд авилгалд идэгдсэнээр гэмт хэргийг таслан зогсоодог биш, харин тарьж ургуулдаг хамгийн арчаагүй нүглийн эзэд өөрсдөө болж, өргөст торны цаана сууж буй ялтнуудаас ч илүү хүнд гэмт хэрэгтнүүд болж байгаа нь тэр. Төр өөртөө зүтгэж буй иргэдээ харж хандах ёстой ч цалин хангамж бага байна, тиймээс бид авилгал авахгүй яах юм гэх нь төрийн хүний бодол биш ээ.
Авилгачдын бас нэг хортой үйлдэл нь тэд буруу аргаар орж ирсэн мөнгөө мэдэгдчихгүй, олны хараанд өртүүлэхгүйн тулд гадаадад байшин сав, бизнес худалдаж авах, өндөр үнэтэй гадаадын сургуульд хүүхдүүдээ сургах, стратегийн томоохон асуудлаар хилийн чанадад нууц наймаа хийх зэргээр шууд мөнгө гадагш нь зувчуулж улсын эдийн засагт ноцтой хохирол тарьдаг. Энэ мэт үйлдлийн үр дүнд хуучин социалист улсуудаас гадагшилсан хэдэн арван тэрбум долларын хөрөнгө хориодхон жилийн дотор барууны улсуудад байршаад байгаа. Тиймээс манай Авилгатай тэмцэх газар болон санхүүгийн хяналтын байгууллагууд ч гадагшаа урсаж байгаа хөрөнгийн гарал үүсэлд онцгой хяналт тавих цаг болсон.
Авилгал бүтээлч биш байдаг хуультай учраас түүнд идэгдсэн улс өөртөө байгаа юм бүхнээ бэлэнчлэн зарж үрдэг нь мөн л батлагдсан зүйл. Тийм улсууд эхлээд түүхий эдээ, ажиллах хүчнээ, хүнээ, байгалийн баялгаа, улмаар газрын доорх баялгаа худалдаад худалдах зүйл нь дуусаад эхлэхээр газраа худалдаж эхэлдэг. Манайд авилгал их архаг шатандаа орсон юм уу гэж бодогддог. Учир нь хүмүүс авилгалд их живээд эхлэхээрээ хэн хүнгүй л авилгалыг жирийн үзэгдэл мэтээр бодож, худалдаж болох зүйл, худалдаж болохгүй зүйл хоёрыг ялгахаа больдог. Сонгуульд нэр дэвшигч нэг нөхөр арван мянган төгрөг тараахад л түүний төлөө саналаа өгнө гэдэг бол тэр сонгогч өөрийнхөө болоод улс орныхоо эрх ашиг хэмээх тэр үнэлж болдоггүй итгэл үнэмшлийн дээдийг мөнгөөр худалдаж байгаа хэрэг. Үүний хажууд таны байшинг шил архиар худалдаж авья гэх луйварчин тааралдвал тантай хамаагүй шударга наймаа ярьж байгаа хэрэг шүү. Авилгалд живсэн оронд худалдах зүйл нь дуусахын цагт хүн ард нь хэн ч тоодоггүй газар нутагт донор орнуудын онгоцноос хаяж өгөх гурил будаахнаар амиа зогоож, төр засаг гээд байх ч юмгүй самуурсан байдалтай болж, харин нөгөө авилгачид нь гадаадад үүрээ засаад алга болсон байдаг. Хэдийгээр бид арай ч тэгэхгүй гэж итгэдэг ч авилгал хэмээх сэлүүргүй завин дээр сууж яваагаа нийтээрээ ухаарч даруй болихгүй бол тэр биднийг хаана ч хүргэж болно. Тэр цагт бид бүгдээрээ өвөг дээдэс, их түүхийнхээ өмнө цайруулж барахын аргагүй хар нүгэлтнүүд болсон байх болно
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment