Өөрсдийгөө өөрчлөе, бас дахин өөрчлөе

Бидний амьдралд олон асуудалтай зүйлс бий болж, тэр хэрээрээ нийгмийн бухимдал дургүйцэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийгмийн амьдралын толь болсон хэвлэл, мэдээллээр сэтгэл гонсоймоор бараан мэдээлэл гарах нь даан ч энгийн болж. Болохгүй бүтэхгүй бүхэн бидний дундаас л бий болоод байгаа учраас тэр бүхэн бидэнтэй, бидний зан үйл, хэвшилтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох тухайтад зарим зүйлийн бодлоо хүргэе. Тухайлбал, бид авилгал хээл хахуулийг өөрсдөө бий болгож өрдөөд адаг сүүлд нь түүндээ түлэгдэж, гашуун утаанд нь нийгэм даяараа бүтэж үхэх дөхөцгөөж байгаа биш билүү.


Хүн төрөлхтний түүхнээс арчигдаж байгаа, соёлтой бөгөөд өөрийгөө хүндэтгэдэг иргэдтэй улс гүрнүүдэд хэрэглэх нь битгий хэл ойлгохоо ч байчихаад байгаа зүйлээр ингэтлээ их оролдох нь тэнгэр язгуурт хэмээн өөрийгөө өргөмжилдөг Монгол түмний хувьд дэндүү ичгүүртэй биш үү. Энэ удаа би л болж байвал дүүрсэн хэрэг хэмээх охорхон бодлоор амилдаг авилгалын суурь нь та бид өөрсдөө. Хар тамхинд орсон хүн тэрэндээ автан автсаар амьд сүг болоод дуусдагийн адил авилгалд автсан нийгэм хүнтэй юутайгаа энэ балчигтаа живсээр үгүйрч хоосрон сүйрдэг. Авилгал бол зүгээр нэг гэмт үйлдэл биш ээ, харин энэ бол нүгэлт хар гэмт хэрэг. Та авилгалаар ажлаа бүтээгээд өөрөө сайхан болчлоо гэж бодвол үнэхээр том андуурал. Улс гэрээ нураагаад урц гэрээ өөдлүүлэхийг ухаантай үйлдэл гэх үү. Тэрний оронд авилгалыг хүн бүр үзэн ядаж, хүн бүр үүнээс татгалзвал яасан юм, Монголчууд аа. Энэ бол бидний бухимдаж үхэх гээд байгаа авилгал, хээл хахууль, шударга бус зүйлээс ангижрах хамгийн зөв арга зам болно.
Энэ өвөл цас зудтай хүнд өвөл боллоо. Манай бэлчээрийн мал аж ахуй бол зүгээр нэг эдийн засгийн салбар гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг нэн чухал баялаг билээ. МАА-гаа өөд нь татах шаардлага их байвч авч явж байгаа аргад ердөө ч өөрчлөлт гарсангүй. Нэн тэргүүнд бүх малаа эрсдлээс хамгаалах арилжааны даатгалд 100 хувь хамруулья, үүнийгээ хуульчилчихья. Ингэвэл зуд турхан, ган гачиг болж мал хорогдвол хохирлыг арилгах гэж нийтээрээ сандарч байх биш арилжааны даатгалын компаниуд л ажлаа хийх хэрэгтэй болно. Ер нь аливаа бизнесийн \жишээлбэл, банк санхүүгийн байгууллагуудын\ эрсдлийг Засгийн газрын эрсдэл болгож хувиргадагаа больё. Эрсдэл бол Засгийн газрын гүйж ороод байх ажил биш, харин бие даасан бизнес шүү дээ. Мөн мал нэг бүрийг яг л хүн шигээ бүртгэлжүүлээд, эрүүл мэндийн даатгалд хамруулж, түүнээс цугласан мөнгөөр сан бүрдүүлэх замаар мал эмнэлгийнхээ үйлчилгээг олон улсын стандартад хүргэе. Ингэвэл малын гаралтай бүтээгдхүүнээ экспортлох боломж тэлнэ. Тэжээлийн нөөцийн санг сум суманд нь байгуулья. Ингэвэл сандруу цагт хотоос хаа холын аймгууд руу мащины цуваагаар илгээдэг өвс тэжээл малчиддаа ойрхон болохын зэрэгцээ, өвс тэжээл бэлтгэх хадгалах хамгаалахад шаардлагатай ажлын байр бий болж тэртэй тэргүй ажилгүй хүмүүсээр дүүрэн сумын төвд хэдэн хүн ч гэсэн ажилтай болно биз дээ. Малчид маань ч юм болгонд төр засаг гээд байлгүй, аж ахуй удирдах дэлхийн жишигт хөл нийлүүлэх цаг болсныг ойлгоосой.
Бид өсвөр насныхныхаа боловсрол, хүмүүжилд санаа зовох хэрэгтэй боллоо. Хүүхдүүдэд академик боловсролыг хуурай талх шиг ам руу нь чихээд хэрэг байна уу. Сургалтын агуулга, заах арга барил, хичээлийн практик ач холбогдлыг эрс өөрчлөе. Бас л улиг болсон барууныхан ингэдэг гэдэг яриаг ёс болгон өгүүлбэл тэнд хүүхдүүдийг ердөө ч ингэж хүнд хичээлүүдээр дардаггүй. Харин цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, мөнгөө зөв зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, бусадтай энгийн бөгөөд соёлтой тэвчээртэй харьцах, үзэл бодлоо хамгаалах, хайр сэтгэл сексийн тухай зөв ойлголттой болох зэрэг нийгэмд амьдрахад хүнд юу хэрэгтэй байдаг вэ, тэр дадлуудыг олгоход голлон анхаардаг юм билээ. Бид ч хүүхэд, залуучууддаа боловсрол олгож байгаа өнөөгийн байдлаа өөрчлөе. Боловсрол гэдэг нь боловсрох гэсэн үг болохоос их юм мэдэх гэсэн үг биш л дээ.
Эдүгээ цагт хүн төрөлхтөний сор болж яваа хэсэг нь хүмүүнлэг хөгжлийн замыг эрж тэмтрэх боллоо. Зөвхөн л идэх уух, өмсөх зүүх, бусдын байр суурийг эзлэхийн төлөө энэ насаа өнгөрөөх нь өглөөнөөс оройг хүртэл барьж идэх амьтан хайж махир хумсаа нуун хаа нэгтээ мяраан нуугдах махчин араатны амьдралаас юугаараа ялгарах билээ. Монголчууд бол хүн гэдэг амьтан адгууснаас саруул ухаан, нинжин сэтгэлээрээ ялгардаг гэдгийг эрт таньсан ард түмэн. Ертөнцийн талыг эзэгнэн, хэдэн зууныг донсолгож явсан цөс ихт Монголчууд хорхойд ч хор хүргэхийг хүсдэггүй өр зөөлөн амьдралын мөрөөр замнах эгэл түмэн болсон нь тэдний хүч ухаан, зориг, хиймор харьсных гэж хэлбэл түүн шиг үнэмшилгүй зүйл байхгүй биз ээ. Бидний эрэмгий өвгөд Александр Македонский, Юлий Цезарь ч юм уу, эсвэл Наполеон Бонапартын хэмжээнд л байсан бол өөрөөр бодож болох л байх. Уучилна, энэрнэ, өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь эзлэх эзэрхийлэхээс ч илүү зориг шаарддаг зүйл гэдгийг Монголчууд дэлхийд харуулж чадсан гэж би боддог. Үүнийг хэзээ нэгэн цагт дэлхий хүлээн зөвшөөрч, түүхийн хуудаснаа Монголчуудын тухай бас нэгэн гайхамшигт алтан мөрүүд бичигдэх болно гэдэгт би гүнээ итгэдэг. Харин бидний үед зах зээлийн нийгмийг хүмүүст ойлгуулахдаа АНУ мэтийн томоохон гүрнүүдийн 1930-1960 аад оны үед туулаад өнгөрсөн зэрлэг капитализм талаас нь харуулсан нь Монголчуудын нандин сайхан уламжлалыг эвдэхэд хүргэлээ. Хүн хүнээ үл хүндэтгэх, авилгал хээл хахуульд автах, өөрөөсөө бусдыг үл ойшоох, байгалиа хайр найргүй сүйтгэх, өөрийнхөө гэрт л биш бол хаа сайгүй хог, шүлс цэрээ хаях, чөтгөрийн урхи гэмээр өнгөц зугаа цэнгэлд хэт автах гээд олон зүйл бидний сэтгэлийг зовоох боллоо. Гэтэл хөгжингүй орнууд дахь зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал нэгэнтээ өөрчлөгдөөд эхэлчихлээ. Хувь хүмүүсийн харилцааны хүрээнд төдийгүй, улс гүрнүүдийн харилцаанд ч дулаарал гарч, бие биенээ хүндэтгэх, хэн хэндээ боломж олгож дэмжин туслах нь зах зээлийн эдийн засгийн мөн чанар гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Харин бидний өвөг дээдэс үүнийг хэдэн зуун жилийн өмнө таньсан гэдгийг эргэн санаж энэ нийгэмд амьдрах зан үйлээ өөрчилцгөөе.

No comments:

Post a Comment