Жижиг дунд үйлдвэрийг ингэж хөгжүүлье

Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ сэргээе, жижиг дунд үйлдвэрлэлээ сэргээе гэж дээр дооргүй ярилцах боллоо. Энэ чиглэлээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийг бүрдүүлж, эх үүсвэрээр нь хангах ажилд нэн анхаарал тавьж байгаа УИХ, Засгийн газарт талархууштай. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн ач холбогдолтойгоосоо гадна ур чадвар, зөв менежмент шаардсан чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой.
Үйлдвэрлэл хөгжүүлэх гэж үзэж байсан уу гэвэл ийм хандлага зах зээл эхэлснээс хойшхи 20-иод жилийн туршид бидний амьдрал дунд байсан. Дийлэнх нь бүтэлгүйтсэн. Нийслэл хотод төдийгүй хаа холын аймгийн нэг алслагдсан суманд ч үйлдвэрлэл эхэлж үзээд бүтэлгүйтсэн, хэдэн төгрөгөө оруулаад шатсан гэх хүмүүстэй уулзаж л байлаа. Одоо дүгнэж үзэхэд тэдэнд яаж ч болдоггүй хэдэн түвэгтэй зүйлс бүгдэд нь тулгарч байсан байдаг. Цаашдаа манай бодлого хэрэгжүүлэгчид ч эдгээр зүйлийг тооцож ажиллавал хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тустай байх болно.


Үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой аливаа хүндрэл бэрхшээлүүдийн дундаас борлуулалттай холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй нь байдаг. Үүнтэй холбоотойгоор нэн нэн тэргүүнд тэдэнд зах зээлийн эзэмшил, хамгаалалтын асуудал тулгардаг юм билээ. Жижиг үйлдвэрийг хөл дээр босгох нь зүйрлэн хэлэхэд шинэ төл хүлээж авахтай ижил. Бизнесийн инкубаторлах орчин хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэд дөнгөж үйлдвэрлэлээ явуулж эхлэх үеэсээ л тэднээс өмнө зах зээлд хөлөө олчихсон том үйлдвэрлэгчид болоод импортын бараа бүтээгдхүүнүүдтэй шууд нүүр тулдаг. Хэрэглэгчид бол чанар сайтай, нэр хүнтдэй барааг л авахаас энэ нь шинэ үйлдвэрлэгчийнх юм яах вэ гэхгүй шүү дээ. Тэр тусмаа манай зах зээл жижигхэн, түүнийг эзэмшдэг томоохон ханган нийүүлэгчид зонхилдог. Тэдгээр зонхилогчид нь борлуулалтын суваг, түгээлтийн сүлжээ, нэр хүндийн давуу тал, боловсон хүчний ур чадвар гээд бүхий л зүйлсийг эзэмшиж байдаг. Энэ үед л жижиг үйлдвэрлэгчид бизнес бол ганцхан банкнаас зээл аваад, тоног төхөөрөмжөөрөө үйлдэрлэл явуулаад эхлэх асуудал биш юм байна гэдгийг хатуу ойлгож эхэлдэг. Үүнийг л зах зээлийн эзэмшлийн асуудал гээд байгаа юм. Яаж зохицуулах вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байна. Нөгөө талаас жижиг байтугай том үйлдвэрлэгчид маань дотоодын зах зээл дээрээ импортын бүтээгдхүүнүүдэд зах зээлээ алдаж байгааг хэн бүхэн л харж байгаа. Энэ бол зах зээл хамгаалалтын асуудлаа яах вэ гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Манайд экспортын баримжаатай боловсруулах үйлдвэр одоо хүртэл олигтой хөгжихгүй байгаагаас том үйлдвэрүүдэд \жижиг үйлдвэрээр экспортод гарна гэж уулаасаа байдаггүй\ гадагшаа тэлж, дотоодын зах зээлээ чөлөөлөх бололцоог олгохгүй байна. Бид бүтээгдхүүнээ экспортлох чиглэлээр чадварлаг хүмүүсээ түлхүү оролцуулж идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Том гүрнүүд бол уулаасаа л хөгжил султай орны экспортыг дэмждэггүй, янз бүрийн хууль дүрэм, стандарт гэж байгаад тэдний экспортлох чадамжийг бууруулах замаар байгалийн нөөц, газар нутаг, түүхий эд, ажиллах хүчинд нь хяналт тогтоохыг зорьдог. Тийм учраас бид өөрсдөө идэвхтэй байж, боломжийг нээж экспортоо хөгжүүлэх хэрэгтэй байна.
Дараагийн нэг хүндрэлтэй асуудал нь зах зээлийн худалдан авах чадвартай холбоотой. Яах вэ арга чаргаа олоод гайгүй сайн бараа зах зээл дээр гаргаад ирлээ гэхэд хүн амын худалдан авах чадвар ямар байгаа билээ. Ялангуяа хөдөө орон нутагт худалдан авах чадвар туйлын хангалтгүй байгаа. Тэгэхээр нэг талаас хамгийн өртөг зардал багатай бүтээгдхүүн гаргах нөхцлийг нь яаж хангах юм, нөгөө талаас харьцангуй худалдан авах чадвар сайтай алслагдсан хотын зах зээлд яаж уг бүтээгдхүүнүүдийг нь хүргэж борлуулах юм гээд дараагийн асуулт гарч байна. Тэгэхээр ямар чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих вэ гэдэг нь зөвхөн цаасан дээр буулгасан төслийн үзүүлэлтээр биш харин тэрхүү үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтэц, түүхий эд хангамж, үйлдвэрлэлийн өртөг зардлын тооцоо, борлуулалтын сувгуудын хүртээмж, байршил гээд олон хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй болно. Алслагдсан зах зээлд бараагаа хүргэхийн тухайд том үйлдвэрлэгчид их хэмжээний барааг бага өртөгтэй хүргэдэг учраас жижиг үйлдвэрлэгчдэд зах зээлийн хязгаарлагдмал хүрээнд ажиллахаас өөр аргагүй болдог. Харин жижиг үйлдвэрлэгчид бага бүтээгдхүүнийг хямд өртгөөр зах зээлд хүргэх хэрэгтэй байгаа шүү дээ. Үүнийг шийдэх арга зам нь манайд бизнес шуудангийн үйлчилгээг орон даяар хүчтэй хөгжүүлэх явдал. Монгол шуудан мэтийн түгээлт хийдэг шуудангийн компаниуд үүнийг ажил болгоосой гэж хүсэх юм. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд их тустай байх сан.
Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихдээ зээл олгоод л тус тусад орхичихож боломгүй байна. Харин ямар ямар чиглэлээр дэмжих вэ, тэдгээрийн хоорондын болоод эдийн засгийн бусад салбаруудтай холбогдох уялдааг яаж сайтар зангидах вэ гэдгийг тооцож байгаад улмаар тэднийг бодлогын менежментээр хангах хэрэгэй байна. Ингэвэл тэднийг зөв чиглэлд удирдан залах, зах зээлийн мэдрэмжтэй үйлдвэрлэл явуулах, өөр хоорондоо харилцан туслах, тэдгээрт үйлчлэх борлуулалтын сүлжээг бий болгох олон ажлуудыг хийж болмоор санагдана. Зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчид тус бүрдээ бусад \хот, хөдөөгийн\ үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдхүүнийг борлуулж байдаг дэлгүүрийн системийг бий болгох хэрэгтэй байна. Тэр нь цаашдаа нэг таних тэмдэг бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтын сүлжээ болж зах зээл дээр гарах чиглэлийг барих нь зөв. Ер нь бодлогын менежментийг Засгийн газар дангаар үүрэлгүй харин бизнесийн менежментэд туршлагажсан үндэсний зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байх болов уу.
Эцэст нь жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжихээ том үйлдвэрүүдээ дэмжих бодлоготай нягт уялдуулж өгмөөр байна. Том үйлдвэрүүдийг нь экспортын чадамжтай болгох чиглэлээр дэмжих, харин зарим жижиг үйлдвэрүүдийг нь том үйлдлвэрүүдийнхээ ханган нийлүүлэгч болоход нь туслах чиглэлийг бодлогоор зангидаж хөгжүүлэх хэрэгтэй байна. Яг үнэндээ бол одоо үндэсний үйлдвэрлэгчид том жижигээсээ эс хамаараад зах зээлийн буюу бизнес амьсгалах агаарын дутагдалд орчихоод байна.

No comments:

Post a Comment