БАТБОЛДЫН ЦАГААН НОМ

Ийм нэртэй ном байсан юм аа. 1990-ээд оны эхэн үед эдийн засаг-бизнесийн чиглэлээр суралцаж байсан ямар ч оюутан энэ номыг андахгүй. Учир нь уг ном тухайн үедээ эдийн засгийн онолын цагаан толгой үзэж эхэлж байсан хэн бүхэнд монгол хэл дээрх ганц ширээний ном болж байсан гэх үү дээ. Зах зээлийн эдийн засгийн онолын ном олддоггүй, олдлоо ч ойлгох хэл усны чадвартай хүн өдрийн од шиг байсан тэр үед барууны сурах бичгийг орчуулж, оюутнуудад мэдлэгийн шан татаж өгч байсан Батболд гэдэг эрхэм \одоо хаана явдаг ямар хүн юм бүү мэд\-ийг миний л хувьд их зоригтой алхам хийсэн гэж хүндэтгэж явдаг. Тухайн үед чинь Их Сургуулийн багш нар мааань хүртэл англи хэлний сарын дамжаанд яваад л эргээд бидэнд англи хэл зааж байсан үе юм. Зохиогчийн хувьд алдсан оносон нь хамаагүй. Ер нь алдахаас айдаггүй хүн л юм бүтээдэг шүү дээ. Харин хулчгарууд бол ямагт бусдын алдаагаар амьдардаг.


За тэгээд Батболдын цагаан номыг гар дамжуулаад л бид уншиж гарлаа даа. Ойлгох хүн нэг ч гардаггүй. Ойлгосон гэж бодоод хичээлээ ярихаар багш нар маань жуумалзаад нэг л биш. Эцэст нь нэг л агуу зүйлийг биччихсэн байгааг нь бид ойлгохгүй байна, үүний цаана үнэхээр мундаг зүйл нуугдаж байна гэсэн бодол төрж, нөгөө номоо уншихаас ч халширах үе байдаг байсан.
Харин одоо ингээд харж байхад, интернет, ном сурах бичиг, мэдээллийн хангамж өндөр түвшинд хүрсэн өнөө үеийн оюутнуудад уг номыг үзүүлбэл элэг нь хөшөөд унацгаах биз. Учир нь зүгээр л зах зээлийн эдийн засгийн цагаан толгойг товчхон өгүүлсэн уг номонд үг өгүүлбэр, утга агуулга, орчуулгын хувьд тийм гэхийн аргагүй маш их алдаа байдаг нь хожим харахад илэрхий байдаг. Ер нь хүмүүсийн амьдрал дунд ойлгоогүй атлаа их хүлээлт найдлага тавьсан зүйлээ хэт шүтэх, мухраар итгэх, дагаж хуйлрах, заримдаа бүр тэр зүйлдээ амьдралаа даатгах хандлага ажиглагддаг шүү дээ. Уг номын тухайд бид тийм л байдалд орж байсан шиг байгаа юм. За тэгээд, ямар нэг зүйлийг ойлгохгүй мунгинаж яваад учрыг нь таньчихаараа өө за за иймхэн юм байсан байна шүү гэж бодох үе бас л гардаг.
Өнөөдөр бидний амьдрал дунд яг дээрх шиг жишээ их байгаагаар барахгүй улам лавшрах хандлагатай болж байгаад би санаа зовж явдаг. Миний бие өнөө үеийн олон залуусын л нэгэн адил номын мөр хөөж, гадны орнуудад амьдарлынхаа зарим хугацааг өнгөрөөж. Суралцана гэдэг бол бусдын давуу талыг нь мэдэрч ойлгохтой нягт холбоотой зүйл. Хөгжингүй орнуудын иргэдийг хараад байхад маш чухал нэг давуу тал нь өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл юм байна лээ. Тиймээс тэд бусдыг сонсоно, мэдэхгүй зүйлээ мэдэж авна, гэвч эцсийн шийдийг өөрийн толгойгоороо л гаргана. Өөрийгөө хүндэтэх хүндэтгэл нь өөртөө итгэх итгэлтэй шууд хамааралтай учраас тийм хүмүүс бусдад дөрлөгдөн, сохроор дагадаггүй.
Манайд гадаадын зөвлөхүүдээр асуудлаа шийдүүлдэг төрийн удирдлага, гадаадын эмнэлэгт очиж өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэдэг дарга нар, гадаадын иргэн л бол өвөө шигээ хүнтэй ч хамаагүй гудамжинд тэврэлдээд гүйж явдаг охидууд гээд заримдаа хүнд хэлэх нь байтугай, Их түүхт Монгол хүний хувьд хамаатуулан ойлгоход ч түвэгтэй зүйлс их болж байна. Гадных л бол мундаг хэмээх энэ дөрлүүлсэн үзэл суртал нийгмийг мухар сүсэг шиг хэрэн идэж байгаа нь яг л нөгөө ‘’Батболдын цагаан ном’’-ын үлгэр шиг сонсогдохгүй байна гэж үү? Зүй нь бид бусадтай тэгш хамтран ажиллахын зэрэгцээгээр, өөрсөддөө боломж олгож, өөрсөддөө итгэх замаар дэлхийд хэнээс ч дутахгүй зөвлөх мэргэжилтнүүдийг бий болгож, өөрсдийнхөө эмч нарыг, эмнэлгийг тордон дэлхийн хаана ч гологдохооргүй хамгийн өндөр технологи, чадамж бүхий эрүүл мэндийн тогтолцоог бий болгох ёстой биш гэж үү?
Харийнжих мухар сүсгийн бас нэгэн илрэл нь бид өөрсдийнхөө түүх, соёл, үнэт зүйлсдээ хандах хандлага юм. Зохиолын дууг л гэхэд бараг бүдүүлэг тэнэг хүмүүсийн сонсдог дуу гээд л томрох юм. Тэгсэн мөртлөө каантри дуу гэвэл бас л гайхамшигуудын нэг гэж үзэх байх. Уг нь бол Америк, Мексикийн малчин тариачдын дуу хөгжим л дөө.
Бэлчээрийн МАА-г больё гэж ирээд л ярих зангиатай залуусыг та зөндөө л харсан байх. Лав л би нэг удаа Германд доктор хамгаалсан ХАА-н эрдэмтэн залууг ингэж ярьж байхыг сонссон. Надад тэднийг харахаар заримдаа 1950-1960-аад оны Хятадын Улаан хувьсгалынхан санаанд ордог юм. Бид өөрсдөө л бусдад таниулж чадахгүй байгаа болохоос бэлчээрийн мал ахуйн гайхамшигтэй зүйлс маш олон бий. Тэр бол байгалийн болоод эдийн засгийн гэсэн хоёр тулгууртай, бас хоёр талын үр өгөөжтэй, дээд зэргийн уян хатан, бас дэлхийд алтнаас ч үнэтэй болоод байгаа экологийн цэвэр бүтээгдхүүн гаргадаг аж ахуй. Байгалиас ч, эдийн засгаас ч 100 хувь хамаараад байдаггүй учраас өөрийгөө авч явах чадамж нь гайхамшигтай гэж хэлж болно. Биднийг ямар ч үед бусдаас хараат биш байлгах найдвартай, хүчирхэг тулгуур бол энэ мал аж ахуй маань байж ирсэн. Хэрвээ бид эрчимжсэн гэдэг гоё нэртэй аж ахуйгаас өөр юмгүй байсан бол эдийн засгийн шилжилт, уналтууд бидний хувьд юутай аюултай нөлөө авчирч болох байсныг бодоход айдас төрмөөр. Тэгэхдээ бидэнд бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэхээс гадна хот орчмын суурин мал аж ахуйг ч хамт авч явах шаардлага байгааг үгүйсгэхгүй.
Үрдээ тоогдохоо байсан аав ээж шиг болчихсон энэ мэт зүйлсийн тоонд Монгол хэл, бичиг, Монгол зураг, Монгол анагаах ухаан, Монгол гэр, Монгол хувцас, Уртын дуу гээд урт жагсаалт үүсэхээр байгаа юм. Жишээ нь л гэхэд хүн бүр англи хэл гэж хошуурцгаах атлаа Монгол хэлээ яаж сурж байгаадаа ердөө анхаарал тавьдаггүй. Үгүй ядаж л Монгол хэл сайн үзээгүй хүн гадаад хэлийг ихээхэн хэлгий сурдаг гэдгийг бодож үзмээр л байгаа юм.
Энэ мэтчилэн зүйлсийг бид тоохгүй явсаар байх хооронд зарим нь бидний өмнөөс тоогоод, судлаад, бүр өөрийнхөө болгоод байгаа биз дээ. Өөрийн юмаа өөрөө л нандигнаж, сурталчилж, үнэ цэнэ оруулж явахгүй бол бидний өмнөөс хэн ч тэрийг хийхгүй. Яагаад гэвэл тэдэнд ч өөрсдийнхөө юмыг үнэ цэнэ оруулж амьдрах хэрэгцээ бий. Ялангуяа барууныхан бол үүнийг яс махандаа шингэтэл ойлгож хэрэгжүүлдгээс гадна, бусдын тархи толгойг угаах хэрэгсэл болгож ч ашигладаг. Ер нь бол өөрийгөө хүндэлдэггүй улс үндэстэн бол театрын үзэгчид л юм шүү дээ, харин жүжиг дэглэн тоглуулагчид өөрийгөө хүндлэгсэд байдаг.
Бусдыг сохроор тахихын бас нэгэн хаялга нь монголчууд бид өөрөө өөрсдийгөө тоодоггүй, бие биенээ үнэлдэггүй байдал юм. Саяхан эдийн засагч Сото гуай ирээд эдийн засгийн бүртгэл мэдээллийн тухай нэг үг хэлсэн чинь бараг хөгжлийн тухай зууны сургааль болох шиг боллоо. Уг нь үүнийг чинь манай эдийн засагч, эрдэмтэд байнга л ярьдаг юм шүү дээ. Иймэрхүү байдлаар бид өөрсдийнхөө үнэлэмжийг доош оруулсаар өнөөдөр гадаадынхан манай хүмүүсийг нутаг дээр нь сард 100 доллараар хөлсөлж ажиллуулдаг боллоо. Бид бие биенээ үгүйсгэснээр юу хожсон бэ гэвэл ердөө л энэ 100 долларыг.
Бүгдээрээ бодоцгооё. Үндэсний бахархалтай байцгаая.

No comments:

Post a Comment