Буруу замаар будаа тээсэн Монголын ардчилал

Цаг хугацаа өнгөрсөөр. Саяхан л ардчилал хэмээх зүйлийг тунхаглан, хаврын салхины дэврүүн туг шигээ хөөрцгөөн, басхүү хувь заяаныхаа эзэн болцгоолоо хэмээн нийтээрээ эрэмшин догдолж байсан цагаан морин жилээс хойш 20 жил өнгөрлөө. Тэгэхэд төрж байсан хүүхдүүд өнөөдөр 20 настай идэр залуус болж, туг барьж явсан тэмцэгч цогтой залуус нь намба суусан ахмад үеийнхэн болжээ. Тэр үеэс юм бүхний эхлэл дэврүүн, хөг хөдөлгөөнтэй байдаг жамаар ганзагын наймаанд хүн болгон шахуй хөдлөн шуурч, хот хөдөөгүй шинэ амьдралын шанг татахаар ханцуй шамлан орцгоож байсан. Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байлаа. Энэ итгэлийг давснаас өөр юмгүй болж байсан дэлгүүрийн лангуунууд, бөөн бөөнөөрөө хаалгаа барьж эхэлсэн үйлдвэр, албан газрууд, өдрөөс өдөрт гэрлийн хурдаар ассан үнийн өсөлт, харсаар байтал цаас болон хувирах цалин орлогын аль нь ч бөхөөж чадаагүй юм. Харин ч Монголчууд ирээдүй рүүгээ цогтой нүдээр харж, илүү дутуу юм бодолгүйгээр өөр өөрийн амьдралын төлөө тус тусдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж эхэлсэн юм. Тэд намуудад, төрдөө дэндүү итгэлтэй байсан учраас хийж байгаа зүйлсдээ л анхаарч байлаа гэхэд болно.


1996 оны сонгууль. Зах зээлийн эхэн үеийн бужигнаан харьцангуй намдах янзтай болж, хүмүүс түр амсхийн сонгууль өгөхдөө бид нэгэнтээ Ардчилал хэмээх замаар замнаж байгаагаас хойш ардчилсан хүчнээ дэмжиж, Төр Засгийн жолоо атгуулах нь зөв хэмээх нийтийн шийдэлд хүрсэн байлаа. Тэгээд ч сонгосон. Үнэмлэхүй олон болсон Их хурлын гишүүд 90 оны хувьсгалыг гардан хийлцэж явсан Ардчиллын эрхмүүдээс бүрдсэн гэхэд бараг болохоор байлаа. Тэдэнд итгэх ард түмний итгэл Ардчиллын өлгий гэгддэг Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр, өнгөлөг, сүрлэг байсан юм. Сонголтондоо сэтгэл ханасан ард түмний итгэл тээсэн амьдрал ч цааш үргэлжилсээр байлаа. Тухайн үед хотын иргэд байраа хувьчлан авч, хөдөөгийн иргэд нь малаа хувьдаа авцгаалаа. Байр ч үгүй, мал ч үгүй хүмүүст юм оногдсонгүй. Яагаад гэвэл Төр хүмүүсийн заримд нь авсан юмаа л буцааж өгснөөс биш, үнэгүй юм өгөөгүй юм. Гэсэн ч хүмүүсийн дийлэнх нь за тэр ч яахав, бидний хамгийн үнэтэй зүйл бол Ардчилал шүү дээ гэж бодож байсан ч тэгсхийгээд л Монголчуудын бодолд өөрчлөлт орж эхэлсний анхны дохио анзаарагдаж эхэллээ. Хил дамнасан ганзагын наймаа ашиггүй боллоо гэцгээн гадагшаа явж, хилийн чанадад амьдрах нь нэмэгдэх боллоо. Нэг үеэ бодвол Монголчууд юм үзэн нүд тайлж хол ойрыг харьцуулан бодох алсын хараа нь тэлж эхэлсэн юм.
Гэтэл нөгөө Төр, Засгийн эрхэнд гарсан Ардчиллын эрхмүүд маань анх удаа улс төрийн этгээд үзүүлбэрүүдийг хийх болж, тэдгээрийг нь харсан ард түмэн эхлээд алмайрч, дараа нь эргэлзэж байснаа сүүлд нь шүүмжлэн сануулах аястай боллоо.Ээлж дараалан унах Засгийн газар, үхрийн эвэр шиг зөрчилдөн шийдвэрт хүрч чаддаггүй байдал, намчирхан омгорхох хандлага, албан тушаалын арилжаа, Өмч хувьчлалаар дамжуулан Ардчилсан намын нөхдүүдийн хөрөнгө зоорийг нэмэгдүүлсэн байдал, нэрт улс төрчийн учир битүүлэг үхэл гээд ард түмний хүсэн хүлээх нь байтугай, төсөөлөө ч үгүй ‘’Ардчилал’’-ыг Ардчилагчид маань шинэ үеийн түүхэнд анх удаа харуулсан юм. Хуйвалдаан, албан тушаалын гэмт хэрэг, авилгалыг Ардчиллынхан маань өөрсдөө эхлүүллээ. Тэд арваад жилийн өмнө ярьж, тэмцэж, ард түмнийг уриалан дуудаж боссон тэр хүмүүс мөн үү гэж асуумаар өөрчлөгдсөн байлаа.
Гэхдээ л ард түмэн итгэсэн хэвээрээ л байсан. Магадгүй, бид л туршлага мэдлэггүй залуусыг төрийн эрхэнд гаргаж алдах шиг боллоо, одоо арай туршлагатай, буурьтайг нь сонгоё гэж хэн бүхэнд бодогдох болсноор 2000 оны сонгуулийн үнэмлэхүй ялагч нь Коммунистуудын гэгддэг МАХН болсон юм. Ялагдсан Ардчилагчидын ихэнх нь ил далд олсон мөнгөө өвөртлөөд, дуу аялсаар Америк, Англигүй хилийн чанадад одлоо. Харамсалтай нь “Ард түмэн, та нарт хайртай’’ хэмээх жүжгийн дараагийн хэсэг нь өмнөхөөс ч гутамшигтай байхаар найруулагдсаныг Монголчууд мэдэхгүй л байлаа.
Ард түмний итгэлийг авч сонгогдсон МАХН Монгол улсыг коммунист удирдлагатай капиталист нийгэм болгох ажлаа өргөн хүрээтэй, зохион байгуулалттайгаар эхлүүллээ. Эгнээгээ газар сайгүй бэхжүүлэх үүднээс намд хамаатай ах дүү, хамаатан садан, найз нөхөд, өнгө мөнгөний өгөө аваатай хүмүүсээр төр, засгийн зай, булан тохойг чигжин дүүргэлээ. Дөрвөн жилийн турш өөрсдийн эрх мэдэл, байр сууриа алдсаны улмаас зоогийн ширээнд суухдаа хачин их өлссөн байгаагаа мэдэрцгээж, аль болох порц ихтэй хоолны захиалгыг ам уралдан өгцгөөж байсан юм. Ардчиллын эрхмүүдийн эхлүүлсэн гутамшигт жүжгийн үргэлжлэлд тоглуулах жүжигчдийг бүгдийг нь сольсон ч, найруулагчийн ур чадвар, тоглолтын агуулга, билетийн борлуулалт урьдынхтай харьцуулахын ч аргагүй ‘’чанаржлаа’’. Жүжиг үзүүлэхээс гадна, жүжиг сайхан болж хэмээх бас нэгэн жүжиг тавьдаг коммунист арга хэрээс хэтэрлээ. Энхрий хайрт намынхаа тухай улаан туг намируулан магтацгааж, Зөвлөлт Монголын найрамдлын тухай болхи улс төрийн дууг нийтийн дууны хит парад болгох гэж ТВ радио нь уралдана, Их удирдагчгүй бол Монгол улс сүйрэх тухай, хэн нэгэн даргын эхнэр нь Богд хааны удмын бүсгүй байдаг тухай, Төрөө дээдлэн хүлцэнгүй аж төрөх тухай, улсаас ард иргэддээ дээд зэргээр анхаарал хандуулж үр өгөөжөө өгч байгаа тухай, төр засгийнхаа эсрэг хамаагүй аашлаад байвал шоронд суух нь зүй ёсны болох тухай, хэн нэгэн эрхэмд албан тушаал, шагнал урамшуул олгохгүй бол ард түмэн хохирох тухай гээд жүжиг сайхан болж байна хэмээн хүчлэн түрэх сонин хэвлэлд улс орон булуулах нь холгүй болж байлаа. Харин жүжгийн хөшигний цаана нам хэмээх албан тушаалын далд бирж ажиллаж, хотод хүүхэд тоглох зайгүй, хөдөөд малаа бэлчээх бэлчээргүй болтол нь газраа худалдацгаан, авилгал хэмээх нийгмийн харилцааны ганцхан шалгуурыг бий болгох ‘технологийн инженерүүд’ цурам ч хийлгүй ажиллаж, ард түмэнд зарсан жүжгийн билетний мөнгөө хэрхэн хуваах тухай нам гүмхэн хэлэлцэж ‘бялуугаа’ хуваацгаадаг байсан юм. Дарга төвтэй нийгэм өндийж, бидний пионер байсан үеийг санагдуулдаг болж байлаа.
Гэвч юм бүхэнд хязгаар байдаг юм болохоор 1990 оны цагаан морин жилээс хойш элгэндээ тэвэрсээр ирсэн ард түмний намуудад итгэх итгэл, төрдөө найдах хүндлэл энэ үеэс гайхширал, шүүмжлэл, сануулга, бухимдал болон хувирсан юм. Авилгал хээл хахууль, шударга бус байдал, танил тохой татан бүлэглэж луйвардах, хуулийг завхруулан гажуудуулах үзэгдлийг яаж мэргэжлийн түвшинд, өндөр зохион байгуулалттайгаар хийж болдгийг төр барьсан эрхмүүд гялалзтал харууллаа. Сүүлдээ ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг нийгмийн хэвийн үзэгдэл болж, хүмүүс юунд итгэхээ мэдэхээ больж, нийгэм тэр аяараа үл итгэлцэл, дайсагнал, үзэн ядалт, талцлын торон хашаа болж эхэллээ. Яг араатнуудын дунд байгаа юм шиг. Монгол хүний тусч, өгөөмөр, найрсаг зан соёл өм цөм алга болж, барууны соёлыг хиймлээр дууриасан шинэ үеийнхэн бий болж байлаа. Ард түмэн дахиад л амаараа шороо үмхэтлээ хуурагдсанаа тэгэхэд ойлгосон юм.
Энэ үеэр ард түмэн төдийгүй, Монгол улсын эдийн засаг бүхэлдээ цаад углуургаараа туйлдан, тэнхээгээ барж ноцтой байдал үүсэж байгаа нь мэдэгдэх болсон юм. Талх боорцогноос өөр юм хийчихдэг үндэсний үйлдвэрлэл гээд байх юмгүй болж, Монголын зах зээл хэний ч хамаагүй хэрэгтэй хэрэггүй бараагаар цутгуулж байдаг сав боллоо. Тэгснээрээ дотооддоо үйлдвэрлэл эрхлэх гэж ядарч яваа хэдийгээ эргэж сэхэхээргүй цохин унагадаг болж, гадаад валют олохын тулд түүхий эд, байгалийн баялгаа боловсруулахгүйгээр нь гаргадаг 19р зууны загварт эргэн орсон юм. Импортын худалдааны давуу нөхцлүүд хэдхэн этгээдэд төвлөрснөөр нийтээрээ ганзагын наймаа хийгээд амьдардаг үе өнгөрсөн байлаа, дотооддоо ажлын байр, хангалттай цалин, ирээдүйн баталгаа байхгүй учраас идэр чийрэг залуус бөөн бөөнөөрөө хилийн дээс харайж хүний нутагт боолын гэмээр ажил хийхээр очдог боллоо. Шувуу хүртэл үүрээ эргэн ирдэг байхад хүний нутагт шигдэн, үхтлээ амьдрах сонирхолтой нэг хэсэг бий болж Монголоо бүр мөсөн орхиж эхэлсэн юм. Монголоос л хол байвал тамын тогооноос ангижирч байгаа мэтээр боддог шинэ үеийн өрөөсгөлчүүдийн эгнээ одоо ч улам тэлсээр байна. Зарим нэг хэсэг нь Монгол оронд байгаа энэ их солиорлоос жигшин залхаж, амь наана там цаана зугтаж хүний нутагт дүрвэцгээж байна.
Сэтгэлгээний суурийн хувьд 2004, 2008 оны сонгуулиар хүмүүс аль ч намд илүүтэйгээр итгээгүй юм. Зүгээр л нэгийг нь нэгээр нь хянуулахыг хүссэн хэрэг. Их санасан газар ес хоног хоолгүй хонов гэж Монголчууд ярьдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр сонгуулийн үр дүнд ийм л юм болж харсаар байтал өрсөлдөгч намууд маань тэврэлдэн эрх ашигаа хуваацгааж, хөшигний ар өврийн ажлаа хамтдаа хийцгээдэг боллоо. Нөгөө л ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, хуйвалдаан, талцал, хээл хахууль, авилгал...
Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд аль аль нам эвсэл нь гараад ямар ч улсын хувьд амин чухал байдаг эдийн засаг, тусгаар тогнолын оршихуйн үндэс болдог үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн харилцааны тэнцвэрт эргэлтийг бий болгож чадсангүй. Энэ алдааагаа үтэр засах өнгө ч харагдахгүй байна. Үндэсний үйлдвэрлэл, экспортын чадамжийг бүрэн сүйрүүлж Монгол улсыг импортын барааны хогийн сав болгосноор үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлаа өөрсдөө удирдах боломжгүй болгож инфляцаас айж бэмбэгнэсэн эдийн засгийн царцуу системийг бий болголоо. Бүх хүнийг ажилтай болгохын тулд үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих хэрэгтэй, харин тэд бүгдийг ажилтай болгоно, ажилтай орлоготой болсон иргэддээ санхүүгийн механизмын аргаар боломж олгох замаар тэр орон сууцжуулалт, утаа, хотын бохирдол, ядуурал, гэмт хэргээ шийд л дээ. Ингэж чадвал мөнгөөр дамжуулан хүн бүхэнтэй хариуцлага ярьж болдог болно. Мөнгөгүй хүнд алдах юм байдаггүй учраас хариуцлага ч байдаггүй. Аль ч улсын практик ийм л байгаа шүү дээ.
Мөнгөний ханшийг удирдах нь дан ганц банкны системийн ажил биш гэдгийг эдийн засгийн цагаан толгойн дээр тодоос тод хараар бичсэн байдаг. Хүн амын эрүүл мэнд, боловсрол, үндэсний бахархал гээд ярих юм бол бодлогын том хямралд орчихоод явахаа байгаад байгааг харсаар байж зоригтой реформыг аль нь ч хийхгүй байна. Эцэст нь өгүүлэхэд өнгөрсөн 20-иод жилийн энэхүү үйл явц, өрнөлийг хараад байхад бид Ардчиллын замаар биш, харин нийгмийн завхрал бүхий капитализмын замаар явж байгаа хэрэг биш үү.

No comments:

Post a Comment