Эдийн засгаа даатгалжуулъя

Монгол улсын эдийн засаг маш хэврэг байна гэж байнга л ярих юм. Үнэн л дээ. Манай эдийн засаг бол нэмүү өртөг бүтээх шинж нь давамгайлдаггүй, харин хэрэглээний шинжтэй эдийн засаг. Бид бараг бүхий л хэрэгтэй зүйлээ импортоор авч байна, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, тэтгэн дэмжих зөв бодлого алга, дээр нь эдийн засгийн салбаруудын эрсдлийн менежмент гэж бүр ч алга байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ өвөл манай мал аж ахуй ямар их хохиролтойгоор онд орж байна вэ?, банкны салбарт бий болсон эрсдлүүд өнөөдөр Засгийн газар, Их хурлын хэмжээнд ч шийдэж чадахгүй болтлоо хүндэрлээ. Манайд болчих байсан зүйлийг болохгүй замаар явуулж байгаа олон зүйлийн нэг нь эдийн засгийн салбаруудын эрсдлийг зөнд нь хаядаг явдал. Аль ч эдийн засаг, ямар ч бизнес өөрийнхөө эрсдлийг тооцож, эрсдлээс хамгаалах тухайд тодорхой зардал төсөв гаргах ёстой байдаг.

Энэ бол бизнесийн соёл гэхээсээ илүү бизнест байх ёстой энгийн л нэг хууль. Талх үйлдвэрлэхийн тулд гурил худалдан авах ёстой шиг л. Тийм учраас эдийн засгаа тогтвортой хөгжүүлье, бизнесийн нэн таатай орчин бий болгоё гэвэл даатгалын оролцоог заавал хүчжүүлэх ёстой. Нөгөө талаас арилжааны даатгал бол өөрөө бие даасан эдийн засгийн салбар учраас бас л бодлогын дэмжлэг шаардагдаж л байгаа.

Арилжааны дааталын хувьд сайн дураараа даатгуулах буюу заавал даатгуулах хэлбэртэй байж болох ч даатгал гэдэг зүйлийн шинжлэх ухааны үндэс нь Их тооны хууль гэдгийг мартаж болохгүй. Энэ нь нийтээрээ сан бүрдүүлэх замаар нэг хэсэгтээ учирсан эрсдлийг даван туулна гэсэн үг. Манай улсын арилжааны даатгалын зохицуулалтыг хараад байхад сайн дурын даатгал зонхилдог нь ерөөсөө даатгалыг бодлого тодорхойлогчид дэмжихгүй байнаа л гэсэн үг. Яагаад гэвэл сайн дурын даатгалаар бий болсон сан нь эрсдлийн тохиолдлуудын хохирлыг төлөх хангалттай эх үүсвэр болж чаддагүйгээс даатгалын онолын үндэс болох Их тооны хуультайгаа нийцдэггүй. Сайн дурын даатгал, заавал даатгал хоёрын цаад мөн чанар нь их ялгаатай. Тухайлбал, гадаадад сайн дуучид өөрийнхөө хоолойг даатгуулдаг тохиолдол байдаг нь сайн дурын даатгалын сонгодог жишээ. Даатгуулж буй зүйлд эрсдэл учирах тохиолдолд тэрхүү эрсдлийн тархац нь хэр өргөн, олон этгээдийг хамрах боломжтой байх вэ гэдгээс хамааруулан сайн дурын гэх үү? Заавал байлгах уу гэдэг бодлогын шийдвэр урган гардаг. Жишээ нь, худалдааны төвийн эзнийг лангуу түрээслэгчдийнхээ өмнө хариуцах хариуцлагаа даатгуулах эсэхийг дээр дурдсан дуучны жишээтэй андуурч зөнд нь хаяж яавч болохгүй. Нөгөө талаас даатгалд хамрагдаагүйн төлөө хүлээх хариуцлага өндөр байх ёстой. Яг л өндөр хөгжилтэй орнуудад даатгалгүй машин барьж яваад цагдаад баригдвал их хэмжээний торгууль төлдөгтэй ижил.
Арилжааны даатгалыг хөгжүүлэх чиглэлээр миний хувьд хэд хэдэн санал байна. Энэ өвөл цас зудтай хүнд өвөл боллоо. Манай бэлчээрийн мал аж ахуй бол зүгээр нэг эдийн засгийн салбар гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг нэн чухал баялаг. Ирэх жил ахиад зуд болж 6 сая мал хорогдвол бид энэ жилийн аргаараа хандив гуйгаад, улсын сангаа гөвөөд л сууж байх уу? МАА-гаа өөд нь татах шаардлага их байвч авч явж байгаа аргад ердөө ч өөрчлөлт гарахгүй байгаагийн тод жишээ бол энэ. Зүй нь, нэн тэргүүнд бүх малаа эрсдлээс хамгаалах арилжааны заавал даатгалд 100 хувь хамруулья, үүнийгээ хуульчилчихья. Ингэвэл зуд турхан, ган гачиг болж мал хорогдвол хохирлыг арилгах гэж нийтээрээ сандарч байх биш арилжааны даатгалын компаниуд л ажлаа хийх хэрэгтэй болно. Ер нь аливаа бизнесийн \жишээлбэл, банк санхүүгийн байгууллагуудын\ эрсдлийг Засгийн газрын эрсдэл болгож хувиргадагаа больё. Эрсдэл бол Засгийн газрын гүйж ороод байх ажил биш, харин дээр дурдсанчлан бие даасан бизнес шүү дээ. Мөн мал нэг бүрийг яг л хүн шигээ бүртгэлжүүлээд, эрүүл мэндийн даатгалд хамруулж, түүнээс цугласан санхүүгийн эх үүсвэрээр сан бүрдүүлэх замаар мал эмнэлгийнхээ үйлчилгээг олон улсын стандартад хүргэе. Ингэвэл малын гаралтай бүтээгдхүүнээ экспортлох боломж тэлнэ. Манайд миний мэдэхийн Малын индексжүүлсэн даатгал гэж төсөл эхлүүлээд долоо, найман жил болж байгаа. Гэхдээ малын даатгал руу ийм байдлаар биш, харин өргөн хүрээтэй, хүчтэй, бүгдийг нь хамарсан байдлаар орж ажилламаар байна. Дашрамд тэмдэглэхэд, индексжүүлсэн гэдгийг хувь тааруулсан ч гэдэг юм уу, хэрэглэгч нь болох малчин хүндээ ойлгомжтой энгийн байхаар нэрлэж, тогтож болдоггүй юм уу.
Манайх уул уурхайгаа хөгжлийн гол тулгуур гэж үзэх боллоо. Чадах эсэх нь газрын доорх эрдэс баялгийн хэмжээндээ биш харин энэ салбараас мөнгө ургуулах менежментдээ л байх болов уу. Мэдээж, түүхийгээр нь ачаад байвал ямар хэрэг байх вэ дээ. Бид ямар дуусдаггүй юм олчихсон биш. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага их байгаа ч тэдгээрийн үр өгөөжийг Монголд ахиухан үлдээх талаар хийгдэхгүй байгаа ажлуудын нэг нь бас л арилжааны даатгал. Аливаа бизнесийн, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн тухайн улсынхаа эдийн засагт оруулж буй өгөөж нь түүний ашиг, орлого гэхээсээ илүү зардал тал нь байдаг. Тиймээс уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын бизнесийн зардлыг аль болох Монгол улсад шингээх талаар ажилламаар байна. Хэдийгээр хууль байдаг ч гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд олон сая доллараар үнэлэгдэх даатгалыг хилийн чанадад байршуулж байна. Үүнийг болиулах хөшүүрэг, хяналт-хариуцлагын механизмыг хатуу мөрдөж, тэдгээр төлбөрүүдийг нь Монгол улсын эдийн засаг руу шингээе.
Арилжааны даатгалын компаниудийн хувьд өөрсөдтэй нь холбоотойгоор бас нэг бодох ёстой зүйл нь мэдээлэл- статистик судалгааны гүйцэтгэх үүрэг. Тоон мэдээлэл, статистик боловсруулалт муутай даатгалын компанид итгэх ч хэрэг байхгүй. Актуар гэж хэлэгддэг даатгалын бизнесийн үйлчилгээг манай даатгалын компаниуд хөгжүүлж, ашиглах тал дээр ихээхэн хоцрогдож байна. Жишээ нь л гэхэд авто машины хариуцлагын болоод тээврийн хэрэгслийн даатгалыг нэг тогтсон үнэлгээ, хувь жишигтэйгээр хуульчилж мөрддөг хоцрогдсон аргаас хэзээ салах вэ? Тухайн жолоочийн энэ төрлийн даатгалд төлөх төлбөр нь жолоочийн нас, эрүүл мэндийн байдал, жолоо барьсан хугацаа, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан байдал, даатгалын нөхөн төлбөр авч байсан эсэх гээд олон хүчин зүйлсээс хамааран хэлбэлзэх индексжүүлэлт байх ёстой. 20 настай Болдоо, 60 настай Довдон хоёр жолоочийн хариуцлагын даатгалд ижил төлбөрөөр хамрагдана гэдэг ойлгомжгүй. Энэ мэтчилэн зүйлсийг сайн мэдээлэл, практик ач холбогдол өндөртэй тооцооллоор тодорхойлдог.
Эцэст нь тэмдэглэхэд, арилжааны даатгал бол зөнд нь хаяж болдоггүй, хамгийн зохицуулалт бүхий, хуульжсан санхүүгийн бизнес байх ёстой гэдгийг хууль боловсруулагч, бодлого тодорхойлогчид маань анзааран үзэж энэ чухал салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа бүрэн хамгаалалтад авах хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment