Далай ээжээ хамгаалах, адгуулахын тухайд

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжил хэмээх материаллаг хэрэгцээнд голлон тулгуурласан ханган нийлүүлэх уралдааны хөлд байгаль, экологийн тэнцвэр ноцтой алдагдаж, эргээд хүний болоод амьд ертөнцийн оршин байх эх үндэс нь устах тийшээгээ болж байгааг бид нийтээрээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. Байгаль орчиныхоо онгон дагшин байдлыг харьцангуй гайгүй хадгалж үлдсэн гэх долоо, наймхан орон байдгийн дээгүүрт нь Монгол яригдана. Тиймээс Монгол газар нутаг, байгаль маань өнөөдөр ганц бидний биш дэлхийн үнэт өв, баялаг болчихоод байна. Энэ талаас нь дэлхийн анхаарлыг хандуулж, ертөнцийн чихийг дэлдийлгэсэн мөн ч их ажлыг хийж болохоор байна даа.


Тэгвэл бидний энэ гайхамшигт Монгол орны байгаль, онгон тансаг байдлын шүр сондор нь болж эрхэмсэг оршсоор ирсэн Хөвсгөл нуурын тухайд өнөөдөр үнэхээр нухацтай ярилцацгааж, бодитой зүйл хийхгүй бол бас л болохоо болилоо. Хөвсгөл бол Монголын төдийгvй Төв Азийн хамгийн гvн нуур. Тэр байтугай Хөвсгөл нуур нь Дархадын хотгор, Улаан тайга, Хоридол Саридагийн нурууны ай сав газартайгаа нийлээд дэлхийн цэвэр усны их хагалбар болж байдаг учраас энэ нуураараа дамжуулаад бид өөрсдийнхөө өмнө төдийгүй дэлхийн өмнө хариуцлага хүлээж байдаг газар. Дэлхийн цэвэр усны нөөцийн хамгийн том сан болох Байгаль нууртай газрын гүнээр холбогддог гэж ярилцдаг учраас энэ хоёр нуурыг үндсэндээ нэг зүйл гэж ойлгож болно. Ийм л байгаль экологийн ховор нандин зvй тогтол, сан хөмрөг мөн тул цаашид хvн төрөлхтөний өвийн санд хадгалагдаж, хамгаалагдан vлдэх учиртай.
Амьд байгалийн оршин байхуйн эх үндэс болдог цэвэр ус өнөөдөр дэлхийд юун алт, юун компьютер, юун үнэт цаас гэмээр л чухал эрдэнэ болсоор байна. Дэлхий дээрх нийт усны нөөцийн ердөө 2.75 хувь нь цэнгэг ус. Гэтэл түүнээс нь гуравны хоёр нь хөлдүү байдалтай байдаг, цаана нь үлдэж буй гуравны нэгнийнх нь талаас илүү нь хөрсний доор, явж явж бүх усны нөөцийн 0.005 хувь л газрын гадарга дээр цэнгэг байдалтай байгаагийн нэг чухал хэсэг нь Хөвсгөл нуур.
Хөвсгөл нуурын ус эрдэс давс, органик бодисын хольцоор тун бага тул уулын горхи шиг цэвэр тунгалаг. Олон арван метрийн гvн дэх загас жараахай алган дээр байгаа юм шиг ойрхон, тодорхой харагдана. Зундаа маш удаан бvлээсдэг тул наадмын дараахан гэхэд л нуурын мандал 11 градусаас илvvгvй, гvндээ 4 хэмээс хэтрэхгvй байдаг. Ийм дагшин сайхан газрыг үзэж бие сэтгэлийн таашаал авах гэж, өнөөдөр бид юунаасаа салцгаагаад юу руу явцгаагаад байгаагаа хором ч гэсэн анзаарах гэж газар газрын аянчин гийчид ийшээ тэмүүлдэг нь ч аргагүй юм.
Хөвсгөл нуурын тухай, түүнийг хамгаалахын ач холбогдлын тухай, хүмүүсээс зарим харалган үйлдлээс сэрэмжлүүлэхийн тухайтад Монголын олон сэхээтэн, эрдэмтэн мэргэд үгээ хэлж, тэмцэж ирсэний дотор 1980-аад оны үед нуурын эрэг дээр нь байдаг Бүрэнхааны фосфоритын уурхайг ил аргаар ашиглах тухай олныг цочроосон шийдвэр яригдаж эхлэхэд манай нэрт сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан ‘Далай ээж цаазын тавзанд’ хэмээх алдартай нийтлэлээ бичиж байсан. Аз болоход тэр асуудал тэгсгээд өнгөрсөн ч эдүгээ цагийн өнгөнд Хөвсгөл нуурыг маань шуналын угаадас болгох санаатангууд дахин өндийж, хүчээ аван өндийж эхэллээ. Хөвсгөл нуурыг мөнгөөр үнэлж болохгүй. 1997 оноос хойшхи байдлаар, Хөвсгөлийг тойрсон уул уурхайн лиценз олгогдсон байдлыг харахад, 2005 оны эцсээр 51 компани, 40 иргэнд 256 лиценз олгогдсон нь нийт нутгийн 50 хувийг эзэлж байлаа. Vvнээс 55 лиценз нь Дархадын хотгорт олгогджээ. Харин 2007 онд ашиглалтын 16, хайгуулын 143 лиценз олгогдсоны 21 нь Дархадын хотгорт олгогдов. Хамгийн сvvлд 2008 оны найман сарын байдлаар ашиглалтын 18, хайгуулын 86 лиценз олгогдсон байна. Одоо энэ нуурын ай саванд 6-7 мянган хүн гар аргаар алт ухаж байна. Билэг, оюун, гэгээрлийн цаглашгүй дээдэд хүрч чадсан, тэр хосгүй өвийг тээж ирсэн Монголчууд ийм болчихлоо гэж бодоход итгэхэд үнэхээр бэрх.
Уул уурхай, хүний болчимгүй үйлдлийн гай нууранд маань ямар аюул дагуулж байгааг манай хэвлэл, мэдээллээр бишгүйдээ мэдээлж байгаа, гэтэл түүнээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр бас л нуураа цаазын тавзан руу түлхээд эхэлснийг анзаарцгаая.
Аялал жуулчлал хөгжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин яаж гэдэг дээр асуудал үнэхээр их байна. Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын удирдлагад боловсронгуй менежмент ерөөсөө алга. Ингэснээр нэг талаас Далай ээжээ хайрлах тал дээр алдаж байна, нөгөө талаас эндхийн аялал жуулчлалаас олж болох чамгүй мөнгийг ч бид алдаж байгаа юм.Уулын ам, нуурын эрэг бараадсан хэдэн аялал жуулчлалын бааз гэх гэр, байшингууд, ирсэн хүмүүсийг нуурын мандалд гаргаж үзүүлдэг хэд гурван завь, усан онгоц, хүний хөл тосож байгаад хэдэн цаас олчих санаатай хүлээх гар урлалчид, морь малаар үйлчлэгчид гээд л ерөнхий дүр зураг нь болчих гээд байна. Ерөнхийдөө аялал жуулчлалыг явуулж байгаа арга нь хувь хувиа борлуулсан шинжтэй байгаагаас орчиноо хамгаалах ерөнхий асуудал нь сарнимал болж, дунд нь нуурын маань хувь заяа нэн бүрхэг болсоор. Удахгүй Хөвсгөл нуур маань Туулын эрэг шиг болж бохирдохоор бодитой дүр зураг харагдаж байгаа. Гадаад, дотоодын олон гийчдийн хөлд дарагдаж, нуурын эргээр хог, идэх юмны үлдэгдэл хөглөрч, гал түлсэн туурь, архи пивоны лонх лааз гээд түмэн янзын юмыг та тэндээс харж болно. Бас тэнд хүмүүс хаа сайгүй машинаар туучин нуурын гүн ой руу очицгоож, машинаа угаацгааж байна. Одоо тэгээд яах вэ?
Миний бодлоор энэ бүх сөрөг зүйлсээс Далай ээжээ хамгаалахын зэрэгцээгээр хүн арддаа үр өгөөжөө өгч байх аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тухайд дараахь зүйлсийг анхаарч хиймээр байна. Хамгийн нэн тэргүүнд, нуурын гүн ой руу машин оруулахгүй байя. Ингэхийн тулд Хатгал тосгон хүрэхээс наахна авто машины хадгалалт, хамгаалалтын төлбөртэй, том зогсоолыг бий болгоё. Мэдээж энэ нь орон нутгийн бус буюу аялал жуулчлалын зориулалтаар явж байгаа машинд л хамаарна. Түүнээс гадна орон нутгийн ч бай, гадны ч бай ямарваа машин, тээврийн хэрэгслийг нуурын гүн бүсэд оруулахгүй байх үүрэгтэй нэвтрэх цэгийг байрлуулж , хяналтын постыг байнга ажиллуулмаар байна. Ингэснээр бид нуураа хүнд техникийн хөлөөс аврах ба нөгөө талаас нуурын чанадад байдаг аяллын баазуудад хүрэхийн тулд амрагчид болон жуулчид морь, тэрэг, завь хөлслөхөөс гарцаагүй болно. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн ажлын байр нэмэгдэж, үйлчилгээнийх нь цар хүрээ тэлж, ашиг орлого нэмэгдэнэ. Авто машины зогсоол, хяналтын ажилтнууд, газраар болон усаар хүн тээвэрлэх дундын үйлчилгээ гээд чамгүй олон ажлын байр энд харагдаж байгаа юм.
Жуулчдад зохион байгуулалттай үйлчилж, жуулчин тус бүрээс хүртэж болох борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх үүднээс аялал жуулчлалын үйлчилгээний иж бүрдлүүд болох үзүүлбэр, шоу, хоол ундны үйлчилгээ, хөтөч, орчуулга, тэмцээн, уралдааныг нуур орчимын аялал жуулчлалын компаниуд тус бүрдээ өвөрмөц, давтагдашгүй байдалтайгаар зохион байгуулж, тэдгээр дээр нь тулгуурласан аялал жуулчлалын олон сонголтот хөтөлбөрүүдийн билетийг төвлөрсөн цэгүүдэд борлуулж байдаг аяллын агентуудыг бий болгох хэрэгтэй байна. Ер нь ч агентуудаар дамжуулж үйлчилгээгээ борлуулснаар аялал жуулчлалын салбар дахь далд эдийн засаг ил болох ба байгаль хамгаалалттай холбоотой зардал, хариуцлагын төлбөрүүдийг билетийн борлуулалтаас шууд төвлөрүүлэх боломжтой болно.
Хөвсгөл нуурын аялал жуулчлалын байгууллагууд холбоо байгуулан, өөрсдөд нь хандсан нэгдсэн маркетингийн удирдлага явуулж байдаг зөвлөх багийг дундаасаа санхүүжүүлэн ажиллах нь үнэхээр чухал. Тэгснээр Хөвсгөл нуурын аялал хэмээх томоохон брэндийг дэлхийд бий болгон сурталчлах, гадаад дотоодын зах зээлийн массыг татах, жуулчлалын компаниудын хамтран ажиллах холбоосыг хангаж өгөх зэрэг одоогоор эзэнгүйдэж хаягдаад байгаа ч аялал жуулчлалын хөгжлийн амин сүнс болж байдаг ажлууд эзэнтэй болно. Эдгээрийг нэг талаас нь харахад бизнесийн утгатай мэт боловч иймэрхүү цэгцтэй хариуцлагатай байх замаар л нуураа хамгаалж, цэвэр тунгалаг, онгон дагшин байдлыг нь хадгалж үлдэх зам бидэнд үлдээд байна.

No comments:

Post a Comment